НИЙТИЙН БАРААЛХАЛ VI Паулын Танхим 2024 оны 2 сарын 7, Лхагва гараг
Католик шашны цуврал хичээл. Гаж буруу ба эрдэм буян. 7. Уй гашуу
Эрхэм ахан дүүс ээ, өглөөний мэнд!
Гаж буруу, эрдэм буяны талаарх цуврал хичээлийнхээ хүрээнд өнөөдөр бид уй гашуу хэмээх муухай гаж бурууг авч үзэх болно. Түүнийг сүнсний цөхрөл гэж ойлгож болох ба тэр хүмүүсийг оршин байгаадаа баярлахад саад болж, байнгын шаналлыг авчирдаг юм.
Юуны өмнө эртний санваартнууд уй гашууг ялгах нь чухал хэмээсэн байдгийг тэмдэглэх нь зүйтэй. Чухамдаа Христэд итгэгч хүмүүсийн амьдралд зохистой уй гашуу гэж байх бөгөөд тэр нь Тэнгэрбурханы нигүүлслээр баяр баясгалан болон хувирах боломжтой. Мэдээж, энэ уй гашууг үгүйсгэх ёсгүй бөгөөд тэр зүрх сэтгэлийн өөрчлөлтийн нэгээхэн хэсэг болдог юм. Гэвч сүнсний гүн рүү аажуухан нэвчиж, түүнийг цөхрөлөөр тамирдуулдаг хоёр дахь төрлийн уй гашуу бас бий. Ийм уй гашуу хорон муу нэгнээс ирдэг тул түүнтэй бүх хүч чадлаараа шийдэмгий тэмцэх ёстой. Энэхүү ялгааг Гэгээн Паулын Коринтчуудад бичсэн захидлаас ч харж болно: “Тэнгэрбурханы дагуух гашуудал нь авралд хүргэдэг гэмшлийг бий болгодог. Харин ертөнцийн гашуудал үхлийг бий болгодог” (2 Коринт 7:10).
Тиймээс биднийг авралд хүргэдэг, бидэнд тустай уй гашуу гэж байдаг байх нь. Сургаалт зүйрлэлд гардаг алдагдсан хүүгийн тухай бодоод үзье л дээ. Тэр доройтлынхоо туйлд хүрээд маш гашуун зовлонг мэдэрдэг. Энэ нь түүнийг ухаан орж, гэртээ харьж эцэгтээ очих шийдвэр гаргахад хүргэсэн (Лук 15:11-20). Өөрийн гэм нүгэлд гашуудан, хишиг ивээл дүүрэн байдлаас уруудсан гэдгээ санаж, Тэнгэрбурханы мөрөөдөж байсан цэвэр ариун байдлыг алдсандаа уйлна гэдэг бол Түүний хишиг ивээл юм.
Харин нөгөө уй гашуу нь сүнсний эмгэг аж. Хүний зүрх сэтгэлд хүсэл, найдвар алга болох үед тэр үүсдэг. Үүнтэй холбоотойгоор бид Лукийн Сайн мэдээний айлдалд гардаг Еммау тосгон уруу явж байсан шавь нарын түүхийг авч үзэж болно. Тэр хоёр шавь урам нь хугарсан байдалтайгаар Иерусалимыг орхин явж байх үедээ үл таних хүнтэй таарч, түүнд "Израилийг аврах гэж байсан Нэгэн мөн гэж бид Есүст найдаж байв" хэмээн ярьдаг (Лук 24:21). Уй гашуугийн мэдрэмж гарз хохирол амссантай холбоотой байдаг. Заримдаа хүний зүрх сэтгэлд мөдхөн бөхөх найдварууд төрөх нь бий. Тэдгээр нь олж авч чадахгүй зүйлээ эзэмших гэсэн хүсэл, эсвэл сэтгэлийн хүнд гарз гэх мэт чухал зүйлээс үүдэлтэй байж болно. Ийм зүйл тохиолдоход хүний зүрхэнд хавцлаас унах мэт мэдрэмж төрж, түүний урам мохож, сул дорой болж, сэтгэл нь хямарч шаналдаг. Тээж байсан мөрөөдлүүд маань нуран унах үе амьдралд тохиодог учраас бид бүгд уй гашууг амсуулдаг сорилтуудыг туулдаг. Нэг хэсэг сэтгэл нь үймэрсний дараа зарим хүн найдварыг түшдэг байхад өөр нэг нь уйтгар гунигт автаж, зүрхээ улам өвчлүүлж орхидог. Тэд үүнээсээ таашаал авдаг юм биш биз? Уй гашуу гэдэг таашаал мэдрэхгүй байхын таашаалтай адил билээ. Энэ нь элсэн чихэр ороогүй тааламжгүй амттай гашуун нясуун чихрийг хүлхэхтэй адилхан. Таашаал мэдрэхгүй байхаас таашаал авах явдлыг уй гашуу гэнэ.
Түр зуурынх ч бай, бүх гаж буруу таашаал авах зорилготой байдаг бол уйтгар гуниг эсрэгээрээ, эцэс төгсгөлгүй уй гашуугаар өөрийгөө тайвшруулах дуртай гэж Евагрий ламтан хэлсэн байдаг. Нэгэнт явсан хүний хоосон орон зайг улам томруулан хэт удаан гашуудах нь Ариун Сүнс доторх амьдралд тохиромжгүй. Өөрийгөө үргэлж хохирогч мэтээр дүр эсгэдэг дургүйцэл хорслын мэдрэмж нь Христэд итгэгчийн амьдралыг байтугай, эрүүл амьдралыг ч бий болгодоггүй. Хүн бүрийн өнгөрсөн амьдралд эдгээх шаардлагатай зүйлс бий. Уй гашуу хэвийн сэтгэл хөдлөлөөс хорон муу санаа болон хувирах боломжтой.
Уй гашуугийн чөтгөр тун ч зальтай. Цөлд амьдарч байсан санваартнууд түүнийг хүний зүрхийг идэж хоосруулдаг өт хэмээн дүрсэлсэн байдаг. Зүрхийг идэж, хоосруулдаг өтний дүрслэл бидэнд уй гашууг ойлгох боломжийг олгодгоороо тустай юм. Бид түүнээс болгоомжилж, Есүс бидэнд амилалтын баяр баясгаланг авчирсныг бодох ёстой. Гэхдээ гунигтай байхдаа бид яах ёстой юм бэ? Түр азнаад, “Энэ сайн уй гашуу мөн үү, үгүй юу?” гэдгийг ажиглаарай. Тэгээд түүний мөн чанарт тохирсон хариу үйлдлийг үзүүлээрэй. Уй гашуу бол биднийг гутранги үзэлд хөтөлж, эмнэхэд хэцүү хувиа хичээсэн занд хүргэх маш муу зүйл байж болохыг бүү мартаарай.
Ахан дүүс ээ, бид тэрхүү уй гашуугаас болгоомжилж, Есүс бидэнд амилалтын баяр баясгаланг авчирсныг санах ёстой. Амьдрал зөрчилдөөн, унтарсан хүсэл, биелээгүй мөрөөдөл, мартагдсан нөхөрлөлөөр дүүрэн байж болох ч Есүсийн амилалтын ачаар бид бүгд аврагдана гэдэгт итгэлтэй байж болно. Есүс зөвхөн Өөрийнхөө төлөө төдийгүй бидний төлөө дахин амилсан. Тэр бидний амьдралд бодит болоогүй бүх аз жаргалыг нөхөхийн тулд амилсан. Итгэл айдсыг хөөн зайлуулдаг бөгөөд, Христийн дахин амилалт уйтгар гунигийг булшны чулуу мэтээр зайлуулдаг юм. Христэд итгэгч хүний өдөр хоног бүр дахин амилалтын дадлага болдог. Жорж Бернаносын "Хөдөөгийн санваартны өдрийн тэмдэглэл" хэмээх алдарт зохиолд Торсигийн сүмийн санваартан, "Энэ гунигт ертөнцөд ноогдсон бүх баяр баясгалан Сүм дотор бий. Чи Сүмийн эсрэг үйлдэл хийсэн бол баяр баясгалангийн эсрэг үйлдэл хийсэн гэсэн үг" гэж хэлдэг. Францын өөр нэгэн зохиолч Леон Блой бидэнд "Ертөнцөд ганц л гуниг бий.. [...] тэр нь ариун бус байхын гуниг" хэмээх гайхалтай үгсийг үлдээжээ. Амилсан Есүсийн Сүнс бидэнд уй гашууг ариун байдлаар дийлэхэд туслах болтугай.
Тусгай мэндчилгээ
Өнөөдрийн Бараалхалд ирсэн мөргөлчид болон зочид, ялангуяа Англи, Дани, Мальта, Америкийн Нэгдсэн Улсын англи хэлээр ярьдаг хүмүүст халуун мэндчилгээ дэвшүүлье. Та бүхэн болон танай гэр бүлийнхэнд би Эзэн Есүс Христийн баяр баясгалан, амар амгаланг хүсэн залбирч байна. Тэнгэрбурхан та бүгдийг ивээг!
Ариун Эцгийн үгсийн хураангуй
Эрхэм ахан дүүс ээ: Эрдэм буян ба гаж буруугийн тухай өнөөдрийн хичээлээрээ бид сүнсний уйтгар гуниг дээр анхаарлаа хандуулах болно. Гэгээн Паул "Тэнгэрбурханы дагуух гашуудал" болон "ертөнцийн гашуудлыг" (2 Коринт 7:10) ялгасан байдаг. Эхнийх нь зүрх сэтгэлийн өөрчлөлтийг өдөөж, бидэнд найдвараас зуурах боломжийг олгосноороо баяр баясгаланг авчирдаг. Сүүлийнх нь найдвар тасралт, урам хугарлаас үүдэлтэй бөгөөд хүний сүнсийг мохоож, уйтгар гунигт автуулдаг. Гуниг биднийг уй гашууд автуулж, сүнсний өсөлт хөгжилд саад болдгоороо ихэнх түрхэн зуурын таашаалыг эрэлхийлдэг гаж буруугаас ялгаатай. Христийн амилалтыг хүлээн зөвшөөрснөөр ийм цөхрөлийг дарах боломжтой гэж Цөлд амьдарч байсан Санваартнууд зөвлөсөн байдаг. Учир нь амилсан Есүс бидний амьдралдаа мэдрээгүй бүх аз жаргалыг нөхдөг билээ. Итгэл айдсыг зайлуулж, Христийн амилалт Түүний булшны өмнө байсан чулуу мэтээр уйтгар гунигийг биднээс зайлуулах болтугай.